Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Б.ТЭМҮҮЛЭН-Бид салбартаа олон сайхан түүхийг бүтээж байна
2020.02.18, мягмар     3846

 Тээвэр логистикийн салбар тив дамнан улс орнуудын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг эдийн засгийн томоохон салбаруудын нэг.  Дэлхий даяарчлагдахын хэрээр улам бүр өсөн нэмэгдэж байгаа нийлүүлэлтийн гинжин хэлхээг дагалдан логистикийн үйл ажиллагааг ухаалгаар удирдах шаардлага тулгарч байгаа болов уу?

-Тийм ээ, цахим худалдаа одоо байгаа хурдаараа өсөн нэмэгдвэл 2021 он гэхэд цахим худалдан авагчдын тоо дэлхийн нийт хүн амын 3/1-тэй тэнцэх хэмжээнд буюу 2.14 тэрбум болно гэсэн судалгаа байдаг. Иймээс энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд салбарт олон тооны технологийн болон удирдлага зохион байгуулалтын шинэ шинэ шийдлүүд шаардагдаж, бүтээгдэхүүн үйлчилгээнүүд нарийн төрөлжиж байна. Өнгөрсөн хугацаанд худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг багцалж бүлэглэж бөөнөөр үр ашигтай тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага их байж, захиалсан даруйд хүргэх даалгавар өгөгдөж байсан бол , орчин үед өгөгдөл дээр суурилсан шийдлүүд нь худалдан авалтын шийдвэр гарахаас өмнө хэрэгтэй газар нь бараа бүтээгдэхүүнийг байршуулах, тус бүрийн онцлог шинж чанартай худалдан авалтуудыг нэг бүрчлэн үр ашигтай тээвэрлэх гэх мэт их нарийн шйидэл даалгавруудтай нүүр тулах болсон.

-Тээвэр логистикийн салбар ажиллах хүчнийг олноор шаарддаг байсан. Нөхцөл байдал хэр өөрчлөгдөж байна вэ. Хүний хөдөлмөрийг орлох технологийн шийдлүүд энэ салбарт хэрхэн нэвтэрч байгаа бол?

Салбарыг бүхэлд нь авч үзвэл олон хүний хүч хөдөлмөр шаардсан хэвээр байгаа. Хэдийгээр технологийн дэвшлүүд гарсаар байгаа боловч ойрын ирээдүйд ажиллах хүчний тоо хэмжээ өссөн үзүүлэлттэй хэвээр байх болов уу. Өнөөдрийн байдлаар зөвхөн Америкт гэхэд  тээвэрлэлт, агуулахын чиглэлээр ажилладаг 5.0 сая гаруй ажилтан байна. Гэтэл өөр бусад оронд энэ үзүүлэлт илүү өндөр байгаа юм. Тухайлбал Энэтхэг улсын тээвэр логистикийн салбар 22 сая гаруй ажилтантай ба энэ тоон үзүүлэлт жил бүр 7 хувиар өсөх хандлагатай байна. Дэлхийд хүн амаараа 2-д эрэмбэлэгдэх 1.37 тэрбум хүнтэй Энэтхэг улсын хувьд логистикийн салбарт ажиллагсдын тоо хэмжээ төдий зэрэгт байх нь хэвийн үзэгдэл байх.

Харин автоматжуулалтын тухайд та бидний сайн мэдэх онлайн худалдааны платформ Amazon компани дэлхий даяар 150 гаруй өөр байршилд  24 цагийн турш тасралтгүй ажилладаг бүрэн автомат агуулахын сүлжээтэй байна. “Кива” системээр програмчлагдсан уг автоматжуулалтын үйлдэл нь тээвэрлэгч тавцангууд бүтээгдэхүүний байршлыг олж илрүүлэн захиалгын тоо ширхгийн дагуу зөөвөрлөж агуулахын ажилтан авахад ойртуулах замаар өдөртөө 1000-с дээш төрлийн ачааг ялгаж, савлан түгээлтэд гаргаж байгаа нь тэр хэмжээгээр хүний хөдөлмөрийг хэмнэсэн үйлдэл гарцаагүй мөн.                                           

Үүний нэгэн адил томоохон тээвэр логистикийн компаниуд ч мөн бүрэн  автоматжуулагдсан нийтийн хэрэгцээний агуулахтай байх нь түгээмэл үзэгдэл болсон. Ачаа барааг хадгалах хэсэгт зөв зохистой байрлуулах, өрөх хураах, ачааг ямар машинд ачихаас хамааран автомат өргөгчөөр тухайн машины тэвшинд  ачихаар ижил хэмжээнд өргөх гэх мэт үйлдлүүдтэй. Энэ агуулахуудад өдөрт маш их  ачаа барааны эргэлт сэлгэгдэж байдаг тул тэр бүхнийг хүний гараар хурдан хугацаанд хийх боломжгүй байдаг. Хэдийгээр бид агуулах гэж нэрлээд хэвшчихсэн, мөн ойлголтынхоо дагуу ачааг хадгалаад байлгаж байдаг гэсэн ойлголттой газар маань орчин үед шаардлагатай бараа материалын хүссэн цагт, зохих газарт нь, шаардлагатай тоо хэмжээтэй хүргэх иж бүрдэл, өртөг замналыг удирдах зангилаа төвүүд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.  

-Ихэнх хүмүүс тээвэр гэж мэдэх боловч логистик үйлчилгээний талаар мэдлэг мэдээлэл багатай байдаг. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал?

-Нэг цэгээс нөгөө цэгт бараа материалын урсгал хөдөлгөөн хийх үйлдэл болох тээвэр биет байдлаараа маш чухал боловч олон төрлийн салангид тээвэрлэлт болон түүнтэй холбогдон гарах ачаа бараа боловсруулах, хяналтын байгууллагуудын зохицуулалтууд, тухайн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд шаардагдах өртөг, цаг хугацааны оновчлол болон аюулгүй байдлын арга хэмжээнүүд зэрэг нарийн төвөгтэй цогц удирлага зохион байгуулалтгүйгээр бараа материалын урсгалыг төсөөлөх аргагүй. Дээр дурдсан нүдэнд харагдаж гар баригддаггүй удирдлага зохион байгуулалтын зөөлөн хэсгийг л логистик гэж би ойлгодог.

-Агаарын тээвэр нь манайх шиг далайд гарцгүй орны хувьд стратегийн чухал ач холбогдолтой.  Манай орны нийт гадаад худалдааны хэдэн хувь нь  агаарын тээврээр тээвэрлэгдэж байгаа вэ? Энэ хувийг өсгөх боломж бололцоо хэр байгаа вэ?

-Агаарын тээвэр бол улс орны худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч, эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөөл үзүүлдэг чухал салбар. Өнөөдөр улсын хэмжээнд нийт импортоор тээвэрлэгдэж буй ачаа тээврийн 20 орчим хувийг агаараар тээвэрлэж байна. Мэдээж энэ үзүүлэлт цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орж манай улс тодорхой хэмжээний  агаарын транзит ачаатай болох байх. Түүнчлэн манай орны хувьд сүүлийн арав гаруй жил яригдаж буй агаарын тээврийн зах зээлийн чөлөөт бодлогод нааштай өөрчлөлтүүд ажиглагдаж авиа компаниудын хооронд өрсөлдөөн явагдаж эхэлж байна. Ингэснээр зорчигчийн тийзний болон ачаа тээврийн үнэ буурах, аялал жуулчлал хөгжих улмаар агаарын тээврийг ашиглах зорчигч болон ачаа тээврийн бодит хэмжээ нэмэгдэх гэх мэт олон сайн талууд бий болно гэж найдаж байна.  

 Харин том зургаар нь харвал дэлхийн агаарын тээврийн зах зээлийн нийт ачаа эргэлт буюу тонн/км 2019 оны 9-р сарын байдлаар  өмнөх 2018 оны мөн үетэй харьцуулахад 4.5% -иар буурсныг Олон улсын агаарын тээврийн холбооноос (IATA) мэдээлсэн. Агаарын ачаа тээврийн эргэлт 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш хамгийн урт хугацаанд жил дараалан буурч байгаа нь энэ юм. Дээр дурдсан нөхцөл байдалд Америк, Хятадын хооронд болон Өмнөд Солонгос, Японы хооронд өрнөж буй худалдааны дайнууд нөлөөлж байна.

Аливаа улс орнуудын нийгэм, эдийн засгийн  өсөлт хөгжил, харилцаа холбооны шууд нөлөө тээвэр логистикийн салбарт хэр том нөлөөлдөгийн жишээг л харуулж байна даа.

-Монголын тээвэр логистикийн байгууллагууд ийм адармаатай нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож ажилладаг вэ. Жишээлбэл, “Ландбридж” компанийн хувьд ямар шийдлийг санал болгож байна вэ?

-Тээвэрлэлтийн хувьд агаараар мэдээж аюул багатай, бусад тээврийн төрөлтэй харьцуулахад үнэтэй ч хамгийн хурдан шуурхай арга зам гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч бидний хувьд тээвэрлэгч биш болохоор бараа материалын урсгал хөдөлгөөнийг илүү цогцоор нь харахыг хичээдэг. Дамжин өнгөрөх өртөө боомтуудад саатах, ачааг илгээх болон хүлээн авах үедээ тооцоолоогүй үр ашиггүй зардал болон цаг хугацааны алданги үүсээд байвал үнэтэй бөгөөд хурдан тээвэр хийсний ашиг гарахгүй шүү дээ. Тиймээс бид аль нэг төрөл дээр туйлшрахгүй, мөн боловсруулалт хөдөлгөөний аль нэг хэсгийг салган авч үзэхгүй эхний цэгээс эцсийн цэг хүртэл үр ашигтай, хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Хэрэглэгч илүү бизнесийн хэрэгцээ шаардлагаа томьёолж бид логистик шийдлийг санал болгоно. Харин бидний хөгжүүлсэн технологи, арга хэрэгсэл, хэлхээ холбоо, мэдлэг туршлага нь тохирсон шийдлийг хэрэгжүүлэх боломжийг аль алинд нь олгож байх ёстой гэж боддог. Манай үйлчилгээ нь ачаа тээврийн даатгал, гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг шивэлт, хот доторх хүргэлт зэргийг бүгдийг багтаасан байдаг бөгөөд тээврийн хэрэгсэл, замнал маршрутыг чөлөөтэй сонгон үйлчлүүлэх боломжтой байдаг. Хэрэв зорчигчийн онгоцонд ачааны овор хэмжээ таарахгүй бол дамжин өнгөрөх газруудаас далай болон автозам ашиглан холимог тээвэр ашиглах гэх мэт тээврийн шийдлийг санал болгодог.

-Эдийн засгийн бүх салбарт өөрийн хувь нэмэрээ оруулдаг тээвэр логистикийн салбарт ажиллах их сонирхолтой санагдлаа. Тэгэхээр энэ салбарт ажиллахыг хүссэн залуучууд их байдаг байх? Тэдгээр залуучууд хаана мэргэжлийн боловсрол олж авдаг вэ?

-Мэргэжлийн боловсрол талаасаа ШУТИС –ийн Механик инженерийн сургуульд  манай чиглэлээр сургадаг анги байдаг. Боловсролын байгууллага бизнесийн уялдаа холбоог хангаж, салбарын хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор бид ч өөрсдийн зүгээс анги танхимыг нь тохижуулах, тэтгэлэг олгох зэрэг хамтын ажиллагаа явуулдаг. Гэхдээ логистикийн салбар маань харьцангуй шинэ бас их сонирхолтой болохоор тээвэр логистикийн байгууллагуудад олон өөр төрлийн салбарын мэргэжилтэй залуучууд ажилладаг. Би л гэхэд хот төлөвлөлтийн чиглэлээр их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайх хугацаандаа түр хийх бодолтой “Ландбридж” компанид туслах мэргэжилтнээр ажилд орсон. Түүнээс хойш мэргэжлээрээ ажиллах хэд хэдэн боломж гарсан ч би гэдэг хүн энэ ажлаас хөндийрч чадахааргүй дурлаж орхиод аль хэдийн долоон жилийг ардаа орхисон байна. Ажлын байран дээр л хүн маш их юм сурдаг гэж би боддог. Анх агаарын тээврийн туслах мэргэжилтнээр орж байснаа бодоход хэлтсээ ахлаад 5 жил ажиллаж өдөр болгон сурч судалж энэ салбарын хүн болох гээд хичээж явна. Улс хоорондын тээвэр зуучлал хамгийн нөхөрсөг бизнесийн салбар гэж нэрлэгддэг. Бид өдөр тутам дэлхийн таван тивийн бараг бүх орны ижил төстэй тээвэр логистикийн байгууллагуудтай харилцаж, орон орны эрх бүхий байгууллагуудын дүрэм журам шаардлагад нийцүүлэн маш олон гадаад худалдаа эрхлэгчдэд үйлчилж байдаг болохоор бусдаас сурах мэдэх юм ч ихтэй Хүн өөрөө хичээвэл боломж бололцоо арвин хүнийг их хөгжүүлдэг ажил гэж боддог..

-Үнэхээр олон улс орны хөгжил дэвшил, мэдлэг туршлагаас суралцах боломжтой байна гэдэг сайхан. Сүүлийн үед дэлхийн тээвэр логистикийн салбарт ямар өөрчлөлт, чиг хандлагууд гарч байгаа вэ? Салбарын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйлсийг нэрлэхгүй юү?

-Шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн мундаг нээлт бүтээлүүд энэ салбарт байнга гардаг. Учир нь тээвэр гэдэг бол бараа материалын урсгал хөдөлгөөний тухай болохоор хөдөлгөөнтэй зүйл дээр л илүү хөгжил дэвшил гардаг шүү дээ. Хий, цахилгаан болон био түлшний асуудлаас эхлээд автоматжуулалт, өгөгдлийн удирдлага ашиглалт зэрэгт үндэслэсэн олон шийдлүүд бий болж байна. Автомат жолоодлоготой машины тухай олон нийт одоо л түгээмэл ойлголттой болж байгаа болохоос манай салбарт шинэ зүйл биш болоод хориод жилийн нүүр үзэж байгаа. Роттердамын боомтод 20 жилийн өмнө л хэдэн мянган чингэлэг ачсан онгоцнуудыг сэлгэн ачих үйл ажиллагаа тэр чигтээ хүний оролцоогүй хийгддэг байсан. Автомат агуулахууд, дундын удирдлагатай авто цуваа, илгээмжийн автомат ялган найруулах төвүүд, дроны хүргэлт гээд олон зүйлийг дурдаж болно. Бидний хувьд эдгээр ололт дэвшлүүдийг өөрийн орны нөхцөл байдалд тохируулан аль болох хурдан нэвтрүүлэх боломжуудыг хайх хэрэгтэй. Мэдээж зарим дэд бүтцийн болон технологийн орчин нөхцөл шаардсан шийдлүүдийг нэвтрүүлэх боломжгүй байж болох ч хэн бүхэнд нээлттэй цахим орчин болон өөрсдийн өгөгдлийг ашиглан мэдээллийг удирдах, ажлын технологийг хөгжүүлэх, үр ашгийг бий болгох боломжтой.. 

  -Манай улсад яг одоогийн байдлаар “Дижитал шилжилт” гэж  төр хувийн хэвшлийн бүхий л  газрууд ид ярьж, үйлчилгээгээ хурдан шуурхай цахим хэлбэрт шилжүүлэх ажиллагаа явагдаж, тэр хирээр иргэд үйлчлүүлэгчдийн цаг завыг хэмнэсэн алхмууд хийгдэж байна. Тэгвэл энэ чиглэлээр танайх юу хийж байгаа вэ?

Бид ч мөн ялгаагүй мэдээллийн технологийн давуу тал, програмчлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласаар ирсэн.  Тухайлбал тээвэр зуучлалын өдөр тутмын үйл ажиллагаандаа тээврийн удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч. Харин үүний нэг хэсэг нь харилцагчдад зориулсан Ландбридж аппликейшн юм. Өнөөдөр бид банкны гүйлгээгээ апп ашиглан хийж байгаагийн нэгэн адил өөрийн тээврийн талаарх бүх мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой харилцагчийн апп-аа удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Энэхүү апп-ын тусламжтайгаар тээврийн үнийн санал авах, замд тээвэрлэгдэж буй ачааны замын мэдээллийг хянах бүрэн боломжтойгоос гадна, тухайн аж ахуйн нэгж болгон дээр өмнө тээвэрлүүлсэн ачааны бичиг баримт, үнийн санал, хэдэн  сард ямар ачаа тээвэрлүүлж байсан зэрэг дата үүсэх бөгөөд төлбөрийн мэдээлэл мөн харагдах зэрэг давуу талыг олгож байгаа юм. Хилийн цэгүүд, нисэх буудал болон чингэлгийн талбай дээр ажиллаж байгаа хүмүүс маань гар утасны тусламжтайгаар ачааны хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хэрэглэгчдэд хүргэдэг болсноор хэрэглэгчид маань ажлаа нарийвчлан төлөвлөх боломжтой болж байна. Ер нь аливаа ачааны мэдээлэл нь тухайн ачаа шигээ хэрэглэгчийн чухал өмч байдаг учраас бид тэрхүү мэдээллийг барих саатуулах эрх байхгүй гэсэн үг л дээ. 

- Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Оны өмнөхөн “Хар тэнгист живсэн ачааны хөлгөөс 14,600 хонийг аврах ажиллагаа үргэлжилж байна” гарчигтай нийтлэл гадна, дотнын мэдээллийн сайтуудаар гарч байсан. Логистикийн үйл ажиллагаанд энэ мэт эрсдэлээс хэрхэн сэргийлдэг вэ?

- Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, хүний буруутай үйлдэл, техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж эрсдэл хэзээ, хаана гарахыг хэн ч урьдчилан тооцоолох аргагүй. Румын улсын Мидиа боомтоос экспортод хонь амьдаар нь гаргахаар Саудын Арабын зүгт хөдөлсөн хөлөг онгоц осолдож хэдэн мянган хонь далайд живсэн нь үнэхээр харамсалтай. Цөөхөн тооны хонийг л аварч чадсан. Мэдээж хонь далайд живсэн энэ үйлдэл нь амьтдын эрхийг хамгаалах PETA нийгэмлэгийн зүгээс шүүмжлэлд өртөхийн зэрэгцээ таван хошуу малаа амьдаар нь экспортод гаргахад таатай ханддаггүй монгол хүний хувьд ч бас сэтгэл өвтгөмөөр дүр зураг. Нөгөө талаар маш том эрсдэл. Ганц үүгээр зогсохгүй,  жил бүр далай тэнгист ямар нэг эрсдэлийн улмаас хэдэн арван мянгаар тоологдох чингэлэг алдагдаж байдаг.  Өнгөрсөн 2019 оны байдлаар гэхэд далайд алдагдсан нийт чингэлгийн тоо хэмжээ 16,6 мянгад хүрсэн статистик үзүүлэлт байна. Тэгэхээр эрсдэл бол хаа сайгүй. Ганц далайн гэлтгүй авто зам, агаар, төмөр зам гээд тээврийн бүхий л төрөлд тохиолдох магадлалтай. Гэхдээ эрсдэлээс учрах хохирлыг урьдчилан тооцоолж түүнээс хамгаалах хамгийн шалгарсан арга бол мэдээж даатгалд хамрагдах л байгаа шүү дээ.  Тиймээс гадаад худалдааны үйл ажиллагаанд ачаа тээврийн холбогдолтой гарч болох эрсдэлийг багасгах болон урьдчилан сэргийлэх тал дээр бид үргэлж анхаарч ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс ачаа тээврийн даатгалыг зохион байгуулах ажлыг хийдэг. Эхэн үедээ тус бүрчлэн даатгалд хамруулахыг хичээж, даатгалын талаар мэдлэг олгохыг хичээдэг байсан. Харин одоо манай зохион байгуулж байгаа тээврийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбоотой бид үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс даатгалын байгуулагатай гэрээ хийн өөрийн зохион байгуулж байгаа бүх ачааг даатгалд хамруулсан.

-Танай компани 2018 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн, энэ хугацаан дахь компанийн ололт амжилтыг дүгнэвэл?

-Үйлчилгээний салбар болохоор мэдээж хүнээс маш их хамааралтай. Хөгжиж буй орны хувьд бусдаас суралцаж хөл нийлүүлэн алхах шаардлага их гарна. Тиймээс мэргэжлийн боловсрол, өөрөөр хэлбэл үндэсний тээвэр логистикийн салбарын мэдлэг боловсролыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарах ёстой гэж боддог. Монгол хүний чадвар чадамж их. Зааж зураад өгвөл ямар ч ажлыг хэнээс дутахгүй хийнэ. Ийм ч учраас салбарын маань зөөлөн дэд бүтэц харьцангуй амжилттай хөгжиж байгаа санагддаг. Мэдээж үүн дээр техник технологийн хөгжлийг дурдахгүй байж болохгүй. Бусад салбарын хөгжил дэвшлийг боломжтой болгож бараа материалын урсгалыг нь удирдаж байдгийн хувьд тээвэр логистикийн салбар улс орны эдийн засаг өнгөтэй өөдтэй байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Салбарын компаниудын хувьд ч өсөн дэвжих талбар хангалттай бий. Арван жилийн өмнө 2 хүнтэй эхэлж байсан манай компани гэхэд одоо 130 гаран ажилтан албан хаагчидтай, 632 000 тонн ачаа эргэлт хийж,  улсдаа хамгийн их мэдүүлэг бичдэг, салбартаа тэргүүлэх тээвэр болон гаалийн зуучийн үйл ажиллагаа явуулагч байгууллага болсон. Залуучууд маань мэдлэг мэргэжлээ үргэлж дээшлүүлж, ажлын туршлага сууж байна. Салбарын эрх зүйн орчныг сайжруулах, гадаад харилцаа, хөрш орнуудын хамтын ажиллагаа, татварын орчин, мэргэжлийн боловсрол зэрэг бусад олон чухал асуудлуудаар Монголын Тээвэр Зуучийн Холбоо болон холбогдох газруудтай хамтран ажиллаж байгаа.  

 - Улс орны болоод олон улсын түвшин дэх логистикийн салбарын талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

-Баярлалаа.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн