Эх газрын тээвэрлэлтийн хамгийн хямд шийдэл нь төмөр зам байдаг нь Монгол улсын нийт гадаадаас болон гадаад руу хийгддэг ачаа бараа тээвэрлэлтийн 90% орчим нь төмөр замаар хийгддэгээс харагдах боломжтой. Манай улс 1520мм өргөн цариг бүхий төмөр замтай бөгөөд гол замын урт Урд хилээс Хойд хил хүртэл 1120 км орчим байдаг бол бусад туслах, салаа замуудыг нэмбэл нийтдээ 1815 гаран км урттай сүлжээ болдог.
Анх 1938 онд Улаанбаатар хотын иргэдийг нүүрсээр хангах зорилгоор Улаанбаатар-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж байжээ. 1946 онд Монгол Зөвлөлтийн хооронд байгуулсан гэрээний дагуу Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтанд оруулжээ.
Орос Хятадыг холбосон УБ төмөр зам нь Евроазийн төмөр замын сүлжээний хамгийн дөт зам юм. 1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсны үр дүнд 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ руу аялах төмөр замын шууд харилцааг нээсэн. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан – Шарын гол, Салхит – Эрдэнэт, Багахангай – Багануур, Айраг – Бор-Өндөр, Сайншанд – Зүүнбаян, Эрээнцав – Баянтүмэн зэрэг салаа замуудыг байгуулж ашиглалтанд оруулжээ.
Та бүхэн ЭНД дарж Монгол улсын нийт төмөр замын өртөөдийн нэр болон хоорондын зай км-г татан авна уу.
Эх сурвалж: www.ubtz.mn