Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Далайн тээврийн салбарын тэргүүлэгч Маерск компани цахим халдлагад өртлөө
2017.07.03, даваа     2213

7 чингэлэг тутмын 1-ийг тээвэрлэдэг, 600 гаруй чингэлэг тээврийн усан онгоц эзэмшдэг далайн тээврийн хамгийн том компани Маерск 2017/6/27-ний Мягмар гаригт цахим халдлагад өртөж үйл ажиллагаа нь доголдон одоо болтол хэвийн ажиллаж эхлээгүй байна. Тус компани нь далайн тээврийн  зах зээлийн 16%-г эзэлдэг бөгөөд Ази-Европын гол чиглэлүүдийн тээврийн 25%-г дангаараа гүйцэтгэдэг.

Халдлага Европ болон Энэтхэгт байрлалтай серверүүдээр дамжин хийгдсэн гэж үзэж байгаа бөгөөд Маерск компани твитер хуудсаараа дамжуулан “Дэлхий даяар Петяа  (Petya) цахим халдлагад хэд хэдэн бизнес маань өртөөд байна” гэж мэдээлжээ.

Дэлхийн бараа эргэлтийн 90% орчим нь далайгаар дамжин тээвэрлэгддэг тул олон улсын худалдаанд усан онгоц болон далайн портууд нь артерийн судас лугаа адил үүрэгтэй билээ. Портууд үйл ажиллагаагаа жигд, үр ашигтай явуулахын тулд мэдээлэл технологи,  холбооны төхөөрөмжүүдийг өргөн ашиглах хандлагатай болсон бөгөөд мэдээлэл технологийн дэд бүтцэд гарсан бага хэмжээний саатал ч томоохон уршиг дагуулах боломжтой болсон өнөө үед энэхүү цахим халдлага нь далайн тээврийн салбарт өмнө нь хэзээ ч гарч байгаагүй томоохон хохирлыг бий болгоод байна. Америк, Энэнтхэг, Испани, Голландад байрлалтай хэд хэдэн  Маерскийн салбар порт терминалууд одоо болтол хэвийн ажиллаж чадаагүй л байна. Жишээлбэл, Өмнөд Флоридад байрлалтай терминалаас “Бид ямар ч чингэлэг хүлээж авахгүй байгаагаас гадна нэгийг ч илгээгээгүй байна” гэж мэдээлжээ.

Халдлагын улмаас чингэлэг тээвэр, усан онгоцны портууд дээр онгоц татах, түлхэх үйл ажиллагаа, хий болон газрын тосны үйлдвэрлэл, өрөмдлөгийн үйлчилгээ гээд компанийн бүхий л үйл ажиллагаанд доголдол гараад байна. Энэхүү тодорхойгүй байдал нь хэзээ дуусгавар болж компани хэвийн ажиллаж эхлэхийг хэн ч одоогоор хэлж чадахгүй байна. Чингэлэгээр голчлон дэлхийн хүн амын өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгддэг бөгөөд далайнаар газрын тос болон байгалийн хий тэээвэрлэгддэг тул портууд удаан хугацаанд хэвийн ажиллаж чадахгүй бол цаашид дэлхийн зарим хэсгүүдэд зарим төрлийн барааны хомсдол үүсэх аюул тулгарч байгааг албаны хүмүүс онцолж байна.

Энэхүү цахим халдлагаас үүссэн хохирлыг даатгалын компаниуд хариуцах эсэх нь одоогоор эргэлзээтэй байна. Учир нь үйл ажиллагааны хохиролд усан онгоц эвдэрсэн, гэмтсэн алга болсон гэдэг нөхцөлүүд дийлэнхдээ ордог байсан бол энэ удаа бүх биет хөрөнгүүд тоо ёсоороо байгаа ч компани асар их хохирол хүлээх нь тодорхой байна. Тиймээс даатгалын компаниуд, давхар даатгалын компаниуд мөн тээврийн салбарынхан энэ төрлийн мэдээлэл хулгайлагдсан үед үүсэх эрсдлийг үнэлж даатгалыг хэрхэн хийх талаар зөвлөлдөн тохиролцох цаг болсныг энэхүү осол мөн харуулж байна.

Эх сурвалж:

https://www.reuters.com/idUSKBN19I1NO

https://www.reuters.com/idUSKBN19K2LE

https://www.reuters.com/idUSKBN19J0QB




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн