Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
8 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
2016.10.03, даваа     4548

Өнөөдөр манай компани үүсгэн байгуулагдаад 8 жил болж байна. Ямар нэг зүйлийг хийх тусам түүндээ улам сайн болоод байдаг гэдэг шиг бид Монголын тээвэр зуучийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, туршлагаа зузаатган хөгжүүлсээр 8 жилийг үджээ. 8 жил гэдэг богино хугацаа мэт боловч бид  ямар 1 мэргэжлийг эзэмшихийн тулд 4 жил их сургуульд сурдагтай харьцуулахад 2 удаа мэргэжил эзэмшсэнтэй дүйцэхүйц хугацаа буюу хангалттай хэмжээнд мэргэших  хугацаа өнгөрчээ.

Анх 2 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан манай компани өнөөдөр 80 орчим ажилтантай, дэлхийн 92 орноос агаар, далай, төмөр зам, авто зам болон эдгээрийг хольж хослуулсан байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулж давхардсан тоогоор 10,000 гаруй харилцагчид үйлчилгээгээ үзүүлжээ. Компани гэдэг хамтын хөдөлмөрөөр баялагийг бүтээн өрх гэр болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүхий хүмүүсийн сайн дурын үндсэн дээр нэгдэн нийлсэн, ухамсартайгаар үүссэн бүлэглэл юм. Тээвэр зуучлалын бизнес нь өөрийн гэсэн хөрөнгөнд суурилдаггүй зөвхөн түүнд ажиллаж буй хүмүүсийн ур чадварын үндсэн дээр багахан хэмжээний нэмүү өртөг шингээх байдлаар явагддаг. Тиймээс бид сайн бэлтгэгдсэн, ажлаа мэддэг, зүтгэлтэй, үргэлжид бидний хамтын ажил амьдарлын төлөө гэсэн чин сэтгэлтэй, хийж буй ажилдаа дуртай, ажлаа баяр баясалтай хийдэг хүмүүсийг бий болгох гэж хичээж ирлээ. Манай компанийн ажилчдын дундаж наслалт 31, компанидаа ажилласан дундаж хугацаа нь 5 жил гаруй байгаа нь ажлаа мэддэг туршлагатай хамт олон бүрдэж буйгийн хамгийн том нотолгоо болов уу.

Олон олон сорилтыг даван компанидаа үлдсэн, чин сэтгэлтэй хамт олон та нарын маань уран бүтээл болсон ЛАНДБРИДЖ гэх компани маань 8 нас хүрлээ. Та бидний ажиллаж, өдөр бүр хамтдаа хөгжүүлж буй энэхүү компанийн гадаад нэр хүнд боломжийн байгаа нь та бүхнийг чамлахааргүй уран бүтээлчид гэдгийг илтгэж байна. Сайхан - муухай, хөгжилтэй – гунигтай гээд олон мөчүүдийг хамтдаа үдэж, бие биедээ итгэн компанийхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж буй хамт олон та бүхэндээ ойн баярын мэнд хүргэе! Бид нар илүү ихийг хийж чадна, улс орны эдийн засаг хүнд байна гээд гуньж гутраад сууж байх зав бидэнд байхгүй, хийх ажил зөндөө байна, хэн гэдгээ үзүүлэх хугацаа ч хангалттай байна. Тиймээс илүү хичээгээрэй. Жил өнгөрөх тусам бидний соёолуулсан ЛАНДБРИДЖ гэх үр улам бүр өнгө нэмэн, өтгөн сайхан ургаж саглагар сайхан том мод болох үед бүгдээрээ сүүдэрт нь тухлан хийж бүтээснээрээ бахархан сууя.

Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэн биднээр үнэ цэнэ бүхий ачаагаа тээвэрлүүлж, одоо ч хамтран ажиллаж буй харилцагч та бүхэн бол бидний өдий хүртэл оршин байгаагийн хамгийн бат бөх суурь нь билээ. Энэхүү 8 жилийн ой тохиож буй баярт өдрийг та бүхэндээ талархалаа илэрхийлэн эхлүүлж байгаадаа бид баяртай байна. Биднийг шүүмжлэх үедээ шүүмжилж алдаанаасаа суралцан, хөгжих боломж олгодог, мөн баярласан талархсан үедээ урмын үгийг хэлж бидэнд цааш явах итгэл өгдөг, хамтдаа байж хаяж явалгүй 8 жилийн нүүр үзэж буй та нарыгаа бид чин сэтгэлээсээ хүндлэн - хамгийн сайнаараа ажлаа хийх нь та бүхний бизнест тус нэмэрээ оруулж буй явдал гэж ойлгодог. Харилцагч хамтрагч та бүхэндээ баярын мэнд хүргэе!

Бид дэлхийд өрсөлдөх Монгол ухаанаар тээвэр логистикийн чанар стандартыг шинэ түвшинд хүргэн Чингис хаан торгоны замыг үүсгэн дэлхийн худалдаа эргэлтийг идэвхижүүлж байсан шиг шинэ содон, үр ашигтай тээврийн шийдлүүдийг боловсруулан урам зоригтойгоор цаашдаа илүү олон жилүүдийг та бүхэнтэйгээ хамтдаа туулахаар хичээн ажиллах болно. Та бидний хамтын ажиллаагаа харилцан ашигтай байж, улс орны маань хөгжилд үнэ цэнийг бүтээх өлзийтэй ерөөлийг дэвшүүлье!!!




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн