ДЭЛХИЙН ТОП 10 ЧИНГЭЛЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД
Чингэлэг нь олон улсын худалдаа, тээвэр, логистикийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба өнөөдөр дэлхийн чингэлэг үйлдвэрлэлийн зах зээлд 10 том үйлдвэрлэгч ноёрхож байна. Сүүлийн хэдэн арван жилийн туршид далайн тээвэр нь дэлхийн худалдааны гол тулгуур болж, дэлхийн бараа эргэлтийн 90 гаруй хувийг төрөл бүрийн чингэлэг ашиглан далайн тээврээр зохион байгуулжээ. Дэлхийн худалдааны хэмжээ өсөхийн хэрээр чингэлгийн эрэлт улам бүр нэмэгдэж, дэлхийн хамгийн том 10 тээврийн компанийн орлого ирэх жилүүдэд өсөх төлөвтэй байна.
ДЭЛХИЙН ЧИНГЭЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ТОЙМ
Чингэлэг гэж юу вэ? Усан онгоц, ачааны машин, галт тэрэг, боомтуудад чингэлгийг саадгүй, үр ашигтайгаар зөөвөрлөх боломжтой тул ачааг хадгалах, тээвэрлэхэд чингэлэг ашиглах нь дэлхийн тээврийн салбарт нийтлэг жишиг юм. Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) чингэлгийн стандарт хэмжээг өргөн нь 8 фут (2.43м), өндөр нь 8.5 фут (2.59м), урт нь 20 фут (6.06 м) ба 40 фут (12.2 м) гэсэн хоёр янзын байхаар хэмжээг тогтоосон. 20 футийн чингэлгийг Twenty-foot Equivalent Unit (TEU) гэж нэрлэдэг ба энэхүү хэмжээсийг салбарт ачааны хэмжээ, хөлөг онгоцны багтаамжийг илэрхийлэх жишиг болгож ашигладаг.
Allied Market Research-ийн саяхан гаргасан салбарын тайланд дурдсанаар, дэлхийн чингэлгийн зах зээл 2019 онд 8.70 тэрбум доллараар үнэлэгдэж, 2027 он гэхэд 12.08 тэрбум долларт хүрч, 2020-2027 онуудад жилийн дундаж өсөлт 4.3%-д хүрэх төлөвтэй байна. Усан онгоцоор ачаа тээвэрлэх эрэлт нэмэгдэж, худалдааны эргэлт өсөх зэрэг хүчин зүйлүүд чингэлгийн эрэлтийг улам бүр нэмэгдүүлж байна.
Хятад улс одоогоор дэлхий дээр хамгийн их чингэлэг үйлдвэрлэдэг орон бөгөөд дэлхийн нийт чингэлэг үйлдвэрлэлийн 85 гаруй хувийг эзэлж байна. Үүний зэрэгцээ Хятад улс нь CIMC, Singamas, CXIC болон СЕC зэрэг дэлхийн хамгийн том 10 чингэлэг үйлдвэрлэгчдийн тоонд багтсан компаниудын эх орон юм.
2020 ОНЫ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ 10 ЧИНГЭЛЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ
China International Marine Container Group Co., Ltd (CIMC) – Шэньжэнь, Хятад
China International Marine Containers (Group) Ltd. (CIMC) нь Хятад улсын Шэньжэнь хотод төвтэй, логистик, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч компани юм. CIMC нь жилд 2 сая ширхэг чингэлэг үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэгч ба дэлхийд 2 сая TEU чингэлэг үйлдвэрлэгч анхны компани юм.
Singamas Container Holdings Ltd. (SINGAMAS) – Шанхай, Хятад
1988 онд үүсгэн байгуулагдсан Singamas Container Holdings Limited нь 210 мянган TEU үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэгчдийн нэг юм. SINGAMAS нь энгийн чингэлэг, задгай ачаа тээвэрлэх зориулалттай эвхэгддэг (flat rack) чингэлэг, задгай дээвэртэй (open top) чингэлэг, цистерн (tank) чингэлэг болон бусад тусгай зориулалтын чингэлгүүдийг үйлдвэрлэдэг. Тус компани нь мөн терминал, чингэлэг агуулахын тэргүүлэгч оператор бөгөөд логистикийн үйлчилгээ үзүүлэгч юм.
CXIC Group Containers Co., Ltd. (CXIC) – Чанжоу, Хятад
CXIC бол чингэлэг үйлдвэрлэлээр мэргэшсэн Хятадын хувийн өмчит аж ахуйн нэгж юм. Үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь энгийн ачааны чингэлэг, тусгай зориулалтын чингэлэг, цистерн (tank) чингэлэг үйлдвэрлэл болоод чингэлэг тээвэрлэлт зэрэг багтана. Тус групп нь 8000 гаруй ажилтантай. Жилийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал нь 900,000 TEU энгийн чингэлэг болон 25,000 ширхэг тусгай зориулалтын чингэлэг юм. Бүтээгдэхүүнийхээ 90 хувийг дэлхийн 40 гаруй улс орон, бүс нутагт экспортолдог.
China Eastern Containers (CEC) – Шанхай, Хятад
China Eastern Containers нь Хятад дахь дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Хойд Америк, Ази, Европ, Австрали, Ойрхи Дорнодод бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Үйлдвэр нь Шанхай хотод байрладаг бөгөөд 300,000 гаруй метр квадрат үйлдвэрийн болоод чингэлгийн талбайтай. CEC-ийн жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 150,000 TEU.
China COSCO Shipping Corporation Limited – Шанхай, Хятад
China COSCO Shipping Corporation Limited нь Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж юм. Тус компани нь 2016 онд COSCO групп болон China Shipping Group-ийг нэгтгэснээр үүсгэн байгуулагдсан. Тус групп нь одоогийн байдлаар логистик, тээвэрлэлт, санхүүгийн үйлчилгээ, чингэлэг үйлдвэрлэл зэрэг олон төрлийн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. COSCO SHIPPING нийт 105.92 сая тн-ы хүчин чадалтай 1310 хөлөг онгоцтой ба үүгээрээ дэлхийд 1-т ордог.
W&K Container Inc – Калифорни, АНУ
W&K Container нь 1995 оноос хойш тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дэлхий даяар чингэлэг үйлдвэрлэх, тээвэрлэх чадвартай. Тус компани нь АНУ-ын Холбооны Засгийн газар болон Цэргийн байгууллагын зөвшөөрөгдсөн гэрээт бэлтгэн нийлүүлэгч ба орон нутгийн болон хотын захиргаа, хувийн хэвшилд ханган нийлүүлэлт хийдэг. W&K нь дэлхийн хэмжээний өргөн сүлжээ, чингэлгүүдээ дэлхий даяар хүргэх чадвартайгаараа 2020 онд дэлхийн шилдэг 10 чингэлэг үйлдвэрлэгчийн нэг болсон.
Maersk Container Industry (MCI) – Копенгаген, Дани
Maersk Container Industry (MCI) нь чингэлгийн лизингийн компаниуд, жимс үйлдвэрлэгч үндэстэн дамнасан компаниуд болон далайн тээврийн компаниудад зориулан хөргүүртэй чингэлэг болон машин үйлдвэрлэдэг. MCI нь чингэлэг тээвэрлэлт болон боомтын үйл ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч тээвэр логистикийн A.P. Moeller – Maersk-ийн нэг хэсэг юм.
TLS Offshore Containers International – Сингапур
TLS нь нь 150,000 гаруй метр квадрат талбай бүхий үйлдвэртэй, 1600 ажилтантай. Дэлхийн 40 гаруй оронд тусгай зориулалтын чингэлэг үйлдвэрлэн нийлүүлдэг дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэгчдийн нэг юм.
YMC Container Solutions – Зүүн Йоркшир, Их Британи
YMC Container Solutions нь Их Британид төвтэй дэлхийн хамгийн том чингэлэг үйлдвэрлэгчдийн нэг юм. Тус компани нь орон сууцны зориулалтаар тохижуулсан чингэлэг, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой чингэлэг, цөмийн ачааг тээвэрлэхэд зориулагдсан чингэлэг гэх мэт олон төрлийн чингэлгүүд үйлдвэрлэдэг.
DCM Hyundai – Фаридабад, Энэтхэг
DCM Hyundai Limited нь 1993 онд байгуулагдсан Энэтхэгийн DCM Shriram Industries Limited болон Солонгосын Хьюндай Мобис нарын хамтарсан компани юм. DCM нь төрөл бүрийн зориулалттай чингэлэг, ачаа зөөвөрлөх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг.
ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙН ЧИНГЭЛЭГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
Ухаалаг чингэлэг гэдэг нь тээвэрлэлтийн явцыг хянах боломжтой ухаалаг мэдрэгч технологи бүхий чингэлгийг хэлж байгаа сүүлийн жилүүдэд энэ төрлийн чингэлгийн эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байгаа учраас энэ нь чингэлэг үйлдвэрлэлийн гол чиг хандлага болох төлөвтэй байна. Тээврийн удирдлагын тогтолцооны (TMS) нэг хэсэг болох IoT програм хангамжийг харилцаа холбооны сүлжээтэй хослуулсан технологи бүхий ухаалаг чингэлэг бүр чингэлгийн хөдөлгөөн болоод тээвэрлэлтийн явцын талаар үнэ цэнэтэй мэдээллийг шууд дамжуулах боломжтой болсноо дэлхий даяар тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулахад ихээхэн тус дэм болох юм.
Эх сурвалж: https://blog.bizvibe.com/blog/top-10-largest-shipping-container-manufacturers