Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
АЧАА ТЭЭВРИЙН ЭРЭЛТ ИХ БАЙГАА УЧРААС ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДАЖ БАЙНА
2021.07.19, даваа     2689

Нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үүссэн ачааллаас үүдэн үнэ өсч байгаа ба 2022 он хүртэл далайн тээврийн салбарт үнийн өсөлт үргэлжилсээр байна гэсэн хүлээлттэй байна.

Ачаа бараагаа тээвэрлүүлэх шаардлага хэрэгцээ их байгаагаас далайн тээврийн зай, чингэлэгт үнэ хаялцан ачаагаа тээвэрлүүлж байгаа учраас өнөөдрийн байдлаар Азиас Европ болон АНУ руу чингэлэг тээвэрлэх үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байгаа ба далайн тээвэрлэгч нарын зүгээс энэ нөхцөл байдал энэ оны сүүл хүртэл үргэлжилнэ гэсэн хүлээлттэй байна.

Лондон хотод байрладаг Drewry Shipping Consultants Ltd-с дэлхийн далайн тээврийн үнийн индексийн тооцооллоор 7-р сарын 1-ний байдлаар 40 футийн чингэлэг тээвэрлэх дэлхийн дундаж үнэ жилийн өмнөхөөс дөрөв дахин нэмэгдэж 8,399 ам.доллар болжээ. Энэхүү үзүүлэлт 5 сарын эхний 7 хоногоос хойш 53.5%-иар өсөөд байгаа юм байна.

Хятадаас Европ, АНУ-ын баруун эргийн томоохон боомтууд руу тээвэрлэх тээврийн үнэ чингэлэг тутамд 12,000 орчим ам.доллар болсон бөгөөд зарим компаниудын мэдэгдсэнээр тээвэрлэлтэд гарахад бэлэн болсон усан онгоцонд ачаагаа ачуулахын тулд чингэлэг тутамд 20,000 ам.доллар төлж гэрээлсэн гэсэн мэдээлэл байна. Экспертүүдийн хувьд, хэрэв захиалгаа хугацаанд нь авахыг хүсч байвал хамгийн багадаа хоёр сарын өмнө төлөвлөж, захиалах шаардлагатай гэж зөвлөж байна.

Тээврийн мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар далайн тээврийн үнэ нэмэгдэж байгаа нь барууны жижиглэн худалдаачид болон үйлдвэрлэгчид Ковид-19 цар тахлын үеэр шавхагдаж дууссан бараа материалаа дахин нөөцлөх гэж яарч байгаа тул боомтууд болон дотоодын түгээлтийн сүлжээн дэх хэт ачааллаас хугацааны хоцрогдол бий болсноос шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсч байгаатай холбоотой гэж үзэж байна. Өнгөрсөн оны зунаас хөл хорионууд цуцлагдаж эхэлсэнтэй холбоотой хэрэглэгчийн эрэлт нэмэгдэж эхэлсэн тул тээврийн үнийн өсөлт энэ үеэс эхэлсэн гэж хэлж болно.

Гуравдугаар сард Суэцийн сувагт үүссэн гацалт, Өмнөд Калифорни болон Хятадын Янтиан боомтод хөлөг онгоцнууд хэдэн өдрөөс хэдэн долоон хоногоор түгжирч гацсан зэрэг үйл явдлууд тээвэрлэлтэд шаардлагатай чингэлгийн хомстлыг үүсгэж, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд үүссэн хүндрэлийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг улам эрчимжүүлсэн.

 




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн