МТЗНХолбооноос 2021 оны 4 сарын 12-ны өдөр мэдэгдсэнээр Ковид-19 цар тахалын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 4 сарын 16-ны өдрийг хүртэл Дорноговь аймагт УБ хотоос болон бусад аймгуудаас орох хөдөлгөөнийг хаасан байгаа. Сүүлийн 14 хоногт Замын-Үүдэд нэмж халдвар илрээгүй байгаа бөгөөд Замын-Үүдийн иргэд болон, тээвэрт оролцож байгаа ажилчид 2021 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 4400 хүн вакцины 1-р тунд хамрагдсан бөгөөд 2021 оны 6 сарын 15-ны өдөр гэхэд шаардлагатай хүмүүсийн 2 дахь тун бүрэн хийгдэж дуусна гэсэн мэдээлэлтэй байна.
2021 оны 3 сарын 22-нд Замын –Үүдэд короновирусийн 2 тохиолдол илэрсэн, БНХАУ-ын Эрээн боомтын гаалийн хашаанд мах ачсан тээврийн хэрэгсэл шатсан хэргийг Төв газраас шалгаж байгаа зэргээс шалтгаалж БНХАУ-ын Эрээн хот болон Замын-Үүд хооронд хийгдэх автын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байсан бөгөөд 2021 оны 4 сарын 7-ны өдрөөс эхлэн өдөрт нийт 20 ачааны машин Эрээн рүү хил нэвтэрч эхэлсэн бөгөөд 2021 оны 4 сарын 11-ний өдрөөс эхлэн өдөрт 50 машин хил нэвтэрч эхлээд байна. 2021 оны 4 сарын 15-наас эхлэн өдөрт хил нэвтрэх машины тоог 70 - 80 болгож цаашдаа 150-200 хүргэн ажиллах тухай мэдээлэл ирээд байгаа билээ.
Одоогоор Замын-Үүдийн гаалийн хяналтын хашаанд 631 хоосон, 200 ачаатай, хашааны гадаа 200 орчим машин байна. Эрээнд богинын тээвэр буюу хилийн тэг цэгээс ачааны машиныг хүлээж авч хил нэвтрүүлж байгаа нийт 67 жолооч байгаа бөгөөд Хятад талаас Замын-Үүдэд нэмээд нэг тохиолдол илэрвэл автын хилийг дахин хаана гэж мэдэгдсэн байна.
БНХАУ-ын талаас тээврийн жолоочид бүгд PCR шинжилгээ хийлгэж вакцин хийлгэсэн байх ёстой гэх шаардлага тавьж байгаа ба вакцины 2 дахь тунг хийлгэсний дараа 14 хоног өнгөрөөд дархлаажуулалтад бүрэн хамрагдсан сертификатаа авсан жолоочоос PCR шинжилгээ заавал шаардахгүй. Өмнө нь автын хил хааж байх үед яамны цохолттой яаралтай ачааг дарааллын урдуур оруулж авах боломжтой байсан бол энэ удаад зөвхөн дарааллын дагуу бүх төрлийн ачааг хил нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байна.