Танд хүссэн үедээ ачаа бараагаа захиалахад асуудалтай байна уу? “Хоосон чингэлэг олдохгүй байна, ойрын хугацаанд усан онгоцны захиалга дүүрсэн, усан онгоцны хуваарь хайж байна” гэх таны хүсэхгүй хариултуудыг тээвэр зуучийн компаниуд өгч байна уу? Одоогийн байдлаар дэлхийн бараг бүх тээвэр зуучийн үйлчилгээ авдаг салбарууд ижил асуудалтай тулгарч байна. Үүнд бүгд Ковид-19-ийг буруутгаж байна. Гэхдээ яагаад ийм асуудал үүсээд байна вэ? Энэ асуудлаас яаж хохирол багатай гарах вэ? гэдэгт бид багахан хэмжээний тайлбар хүргүүлж байна.
Ковид-19 цар тахлын нөлөөллөөр 2020 оны эхэн үед дэлхий даяар гэрийн хорионд орж борлуулалт эрс буурч, худалдаа ч мөн түүнийг дагаж буурсан. Үүнээс үүдэн бүх төрлийн тээврийн урсгал эрс буурч байсан боловч 2020 оны 4 дүгээр улирлаас эхлэн цар тахлын улмаас хойшлогдож байсан ачаануудын хэрэгцээ шаардлага нэмэгдэж, ачааны урсгал огцом нэмэгдсэн байна.
Хоосон чингэлгийн хэвийн урсгал тасалдсан - Цар тахлын эхний улиралд дэлхийн худалдааны хэмжээ урьд өмнө байгаагүйгээр буурч, чингэлгийн хэвийн эргэлт тасалдсан байсан бөгөөд ачаа тээврийн урсгал нэмэгдсэнтэй холбоотой хэрэгцээтэй байршлуудад хоосон чингэлгийн хомстол үүсч энэ нь тээврийн хөлсний үнэнд ч тодорхой нөлөөлөл үзүүлсэн байна.
Боомтуудын хэвийн үйл ажиллагаа саатсан - Ачаалал ихтэй боомтууд цар тахлын нөлөөллөөр ажиллах хүчний хомстолд орж боомтуудын хэвийн үйл ажиллагаа тасалдаж хөлөг онгоцнууд хуваарийн дагуу замдаа гарч чадахгүй хойшлогдож байсан нь чингэлгийн хэвийн урсгалд нөлөөлөх бас нэг хүчин зүйл болсон байна.
Ашиглагдаж буй хөлөг онгоцны тоо цөөрсөн - Дэлхийн худалдааны эргэлт удаашрахад усан онгоцны компаниуд ч мөн хоосон эргэлт хийж зардал гаргахыг хүсээгүй тул зарим хөлөг онгоцнуудыг их засварт оруулах, зогсоолд удаан хугацаагаар байрлуулах зэрэг арга хэмжээг авсан. Мөн тээвэрлэлтэд оролцож буй зарим усан онгоцнууд хөлөг дээрх Ковид-19-ийн халдварын тохиолдлуудаас шалтгаалж портууд хүлээж авахаас татгалзах зэрэг асуудлуудтай тулгарсан. Иймээс 2020 оны сүүлийн хагасын ачаа тээврийн гэнэтийн өсөлтөд хангалттай хэмжээний усан онгоц бэлэн байгаагүй нь ачаа тээврийн саатал үүсэх, хүссэн үед усан онгоцны хуваарь олдохгүй байх гэх мэт асуудлуудыг үүсгэж байна.
Барааны урсгал өөрчлөгдсөн - Ковид-19-ийн нөлөөллөөр худалдан авагчдын худалдан авалтын зан байдал өөрчлөгдөж, урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал үүсч дэлхийн худалдааны салбарт олон зөрчил үүсгэсэн. Энэ нь тээвэрлэгч компаниудын ачааллыг ихээхэн нэмэгдүүлсэн.
Дээрх асуудлуудаас шалтгаалж тээвэрлэлтийн хугацаа уртсаж нэгж бараа бүтээгдэхүүнд оногдох тээвэрлэлттэй холбоотой зардал нэмэгдэж байна.
Та энэ асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ?
Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг туршлагатай тээвэр зуучийн компани сонгох – Хэн нэгэн танд хямд үнэ санал болгож болох ч таны ачаа бараа ямар нэгэн эрсдэлгүй, таны хүсэж буй хугацаанд ирэх боломжтой эсэх мөн уг үнэнд таны хүсэж буй бүх нэмэлт үйлчилгээ багтсан эсэхийг сайтар шалгах нь зүйтэй. Хямд үнэ цаанаа хямд үйлчилгээг л санал болгодгийг санахад илүүдэхгүй. Энэ үед тогтвортой үйлчилгээ үзүүлдэг найдвартай тээвэр зуучийн компаниудын сүлжээ болон туршлагыг ашиглаарай.
Оновчтой хугацаанд захиалгаа хийх- Цар тахлаас өмнө ижил газраас ижил тээврийн хэрэгслээр авч байсан ачаа барааны тээвэрлэлтийн хугацаа дээрх нөлөөллүүдийн улмаас одоо маш их өөрчлөгдсөн гэдгийг санах хэрэгтэй. Эрсдэлийг тооцож тээвэрлэлтийн хугацааг аль болох нэмэлт хоногтойгоор төлөвлөх нь та болон таны эцсийн хүлээн авагчийг хугацаанаас шалтгаалсан алдагдлаас сэргийлэхэд чухал нөлөөтэй. Иймээс тээвэр зуучийн компаниудад тээврийн захиалгыг аль болох эрт өгөх, тээврийн хэрэгсэл болон усан онгоцны захиалгыг аль болох эрт хийлгэх зэрэгт анхаарах ёстой болоод байна.
Уян хатан байх – Хуучинтай адил та ачаа бараагаа нэг л маршрут, нэг л янзын тээврийн хэрэгслээр захиалсаар байна уу? Тээвэрлэлтийн хугацаа, үнэ өртгийг тооцоолж тээвэр зуучийн өгөх зөвлөгөөг сонсож ачаа барааг хүлээж авч болох өөр чиглэлийг боловсруулах, өөр боломжит тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийх зэргээр сонголтоо нэмэгдүүлж аль болох уян хатан хандахыг цар тахал бидэнд сануулж байна.