Зам, тээврийн хөгжлийн яам, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг хамтран Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хамтарсан “Транзит Монгол 2017” форумыг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулна. Уг хурлаар доорх танилцуулга болон хэлэлцүүлэгүүд хийгдэнэ. Үүнд:
1. Төмөр замын хөгжлийн бодлого, Монгол, Хятад, ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа
2. Монгол Улсын төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, хил нэвтрэлт
3. Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд төмөр зам, тээвэр зуучийн байгууллага, далайн боомтын хамтын ажиллагаа
Форумын дэлгэрэнгүй хөтөлбөрийг ЭНД дарж харна уу.
2016 оны байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2.3 сая тонн дамжин өнгөрөх ачаа тээвэрлэжээ. Энэ нь нийт ачаа тээврийн хэмжээний 11 хувийг эзлэж байгаа ч, тээврийн орлогын 24.5 хувийг бүрдүүлж дотоодын нүүрс тээвэр, зорчигч тээврээс хүлээдэг алдагдлыг нөхөх, төмөр замын их засвар, хөрөнгө оруулалтын ажлуудыг гүйцэтгэхэд чухал дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн цаашид дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлснээр тээврийн орлогыг өсгөх, төмөр замын шинэчлэн сайжуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжтой болох юм. Ландбридж ХХК-н үүсгэн байгуулагч Д. Энхтүвшиний онцолсноор “Монгол улс далайд гарцгүй, түгжигдмэл гэдгээ нөгөө талаар нь боломж бололцоо болгоод харах юм бол энэ газарзүйн байрлал маань маш ашигтай. Худалдааны эргэлт хамгийн ихээр явагддаг 2 том тивийн дунд бид байна. Энэ бодит бололцоо нөхцөлийг зөв ашиглаж чадвал зөвхөн нэг компани биш, зөвхөн нэг салбар биш бүр улс даяараа ачаа тээврийг зохицуулдаг агуулах маягаар ажиллаж үр ашгийг нь хүртэх боломжтой.”
Салбарынхан ч “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төслүүдийн жагсаалтад багтсан төв коридорыг цахилгаанжуулах, хос зам тавих төслийн эдийн засгийн үндэслэл болно гэдгийг хэлж буй. Тиймээс ч “Транзит Монгол-2017” форумын ач холбогдол өндөр гэдгийг тодотгох нь зөв байх. 2016 оны байдлаар БНХАУ-ын ДНБ-ий хэмжээ 11 их наяд ам.долларт хүрээд байгаа бөгөөд 2020 он гэхэд Европын холбоотой хийх худалдааны хэмжээг 1 их наяд, ОХУ-тай хийх худалдааны хэмжээг 200 тэрбум ам долларт хүргэх зорилт дэвшүүлсэн тухайгаа тус улсын Ерөнхий сайд Ли Көцян илэрхийлсэн байдаг. Тиймээс Монгол Улсын төмөр замын коридороор дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, мөн ОХУ-аас БНХАУ-ын чиглэлд тогтмол тээвэрлэдэг нефтийн бүтээгдэхүүн, мод, бордоо, химийн ачаа зэрэг дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж төмөр замын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын төмөр замын коридорыг Хятад, Оросын ачаа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучлалын компаниудад сурталчлах, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван улсын төмөр замын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын коридороор дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тарифын бодлогын талаар “Транзит Монгол-2017” форум дээр танилцуулах юм байна. (Эх сурвалж: www.mnb.mn)
Дашрамд дурдахад Монгол Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо (МТЗНХ)- с мэдээлж буйгаар Монгол улсад тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх эрх бүхий бүртгэгдсэн 300 гаруй аж ахуй нэгж байдгаас 30 орчим нь тогтмол тээвэрлэлт хийдэг ба эдгээр нь нийт тээврийн 85% орчимыг зохион байгуулдаг байна. Тэгвэл уг арга хэмжээнд МТЗНХ-ны гишүүн Монголын томоохон тээвэр зуучлагч байгууллагуудаас 26 нь оролцохоор явж буй нь энэхүү арга хэмжээнд салбарынхан ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж буйгийн илрэл болов уу. Манай компанийн төлөөлөл ч уг арга хэмжээнд оролцож улс орныхоо эдийн засагт түлхэц оруулах боломж бүхий транзит тээврийг хөгжүүлэх хэлэлцээрт санал бодлоо хуваалцах болно.