Бид олон улсын түнш агентууд, ачаа илгээгч болон хүлээн авагчидтай өдөр тутам харилцан ажилдаг тул ажилчдаа олон орны ард иргэдийн амьдрал, соёлыг илүү ойлгож харилцааны бэрхшээлүүдээ арилгаасай гэсэн чин хүслийн үүднээс үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн логистикийн салбартай холбоо бүхий олон улсын үзэсгэлэн, арга хэмжээ, сургалтуудад оролцуулж ирсэн. Мөн 2012 оноос эхлэн жил бүр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлсэн шилдэг ажилчидаа гадаадын улсуудаар аялуулж оюунд нь багахан ч гэсэн хөрөнгө оруулалт хийж ирсэн ба энэ жилийн шилдэг ажилчид маань захирлаараа хөтөч хийлгэн Хятадын дархан цаазат Хуаншань Уул болон Бээжин хотоор амжилттай аялаад ирлээ.
Хуаншань буюу Шар уул нь байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй байдал, халуун рашаан, цавчим хадан дээр сонин содон хэлбэрээр ургасан нарс мод, цайны ургамалуудаараа алдартайгаас гадна өглөө нар мандах болон оройн нар жаргахыг харахад үнэхээр сэтгэл догдлом сайхан газар билээ. Юнескод бүртгэгдсэн Хятад улсын байгалийн болон соёлын 48 өвийн 1-д багтдаг энэхүү уулыг зорьсон дотоодын болон гадны жуулчидын тоо жилийн дөрвөн улирал тасардаггүй аялалын гол маршрутуудын нэг билээ. Үүлс дээр сүндэрлэх энэхүү сүр жавхлант уулыг манай хамт олны төлөөлөл үзэж сонирхоод сэтгэл хангалуун ирсэн ба та бүхэнд аялалын зарим зургаас хуваалцаж байгааг таалан соёорхоно уу.