Есдүгээр сард дэлхийн тээвэр логистикийн сүлжээг доргиосон хар үйл явдал болсон нь яах аргагүй Hanjin Shipping компанийн дампуурал байлаа. 1977 онд байгуулагдсан, жилд 100 сая тонн гаран ачаа тээвэрлэх хүчин чадалтай, ачаа тээвэрлэлтийн хэмжээгээрээ Өмнөд Солонгосын хамгийн том, дэлхийд долоод орох далайн тээврийн компани Hanjin Shipping сүүлийн 5 жилийн 4- д нь алдагдалтай ажилласны улмаас төлбөрийн чадваргүй болж 2016/9/1-ээс дампуурлаа зарласан. 2008 оны эдийн засгийн хямралаас хойш дэлхийн худалдааны эргэлт буурсан нь компани хүчин чадлаа 100% ашиглаж чадахгүй буюу хөлөг онгоцны тал хүртэл хувь нь ачаагүйгээр тээвэрлэлт хийж байх нөхцөлийг бүрдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор техник хэрэгсэлийн сул зогсолт болон урсгал зардлууд нэмэгдсэн, дээрээс нь дэлхийн худалдааг дэмжих - олон улсын гэрээ хэлэлцээрүүд, өрсөлдөгчидийн шахалт зэргээс үнээ байнгын бууруулах шаардлага гарч байсан зэргээс болж компани ашиггүй ажиллаж байжээ.
Энэхүү үйл явдал нь дэлхийн логистикийн сүлжээний хэвийн ажиллагааг хэсэгтээ л алдагдуулж байгаа бөгөөд ойрын 2-3 сардаа тодорхой үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Компани дампуурлаа албан ёсоор зарласнаас хойш шинэ ачаа авахгүй байгаа хэдий ч аль хэдийн замд гарсан байсан ачаануудын хувьд нөхцөл байдал яах нь тодорхойгүй хэвээр л байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн дампуурлын талаарх тоо баримтаас:
- Компанийн 141 онгоцноос 73 нь далайд эсвэл төлбөрийн барьцаанд байна. Эдгээр онгоцнууд дээр хамгийн багадаа 14 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий ачаатай 500,000 чингэлэг гацсан байдалтай байна.
- Hanjin Shipping нь Зүүн Өмнөд Ази, АНУ / Европын улсуудын хоорондын далайн тээвэр дээрх томоохон тоглогчидын 1 байсан бөгөөд дампуурлын тухай мэдээ гарснаас 1-хэн хоногийн дараа зарим чиглэл дахь өрсөлдөгчид нь монополь болж байгаатай холбоотойгоор тээврийн үнэ 50% хүртэл өссөн байна.
- АНУ, Европын зах зээл дээр Зул сарыг угтсан худалдаа нь оны хамгийн өргөн худалдаа байдаг бөгөөд далайн тээврийн компаниудын хувьд 8, 9, 10 сарууд нь хамгийн их ачаалалтай байдаг. Тээврийн үнийн өсөлт нь Азиас гаралтай хямд бөгөөд чанартай бүтээгдэхүүний үнэнд нөлөөлж байгаа нь худалдан авагчид болон борлуулагчид аль алинд нь хохиролтой нөхцөл байдлыг үүсгээд байна
- Солонгосын албаны хүмүүсийн мэдээлсэнээр толгой компани болох Hanjin Group 90 сая ам.доллар гарган эдгээр гацсан ачаануудыг зохицуулна гэсэн хэдий ч дорвитой арга хэмжээ авагдахгүй байгаагаас түргэн муудах, хөргүүртэй хүнснүүд хэрэгцээгүй болохоос гадна чингэлэг түрээсийн болон бусад талбай ашиглалтын зардлууд өдөр бүр өсч байгаа тул тээврийн хөлс чингэлэг дотор байгаа ачаануудаасаа илүү үнэтэй болох магадлалтай байна.
- Солонгосчууд олон улсад бие биенээ дэмжин ажилдагаараа маш алдартай. Жишээлбэл: Манай улсад үйл ажиллагаа явуулж буй тээвэр зуучуудын дунд Солонгосын хөрөнгө оруулалттай эсвэл Солонгосын зуучийн төлөөлөгчийн буюу салбар компаниуд хамгийн их байдаг. Энэ нь Солонгосчууд өөрийн улсаас гаргаж буй экспортын тээврийг өөрсдөө зохион байгуулж түүнээс үүсэх нэмэгдсэн өртөгийг өөрийн улсдаа оруулдагийн хамгийн том жишээ. Гэсэн хэдий ч Hanjin Shipping компанийн үйл ажиллагааны алдагдал нь тэтгээд дэмжээд явах түвшинээс хамаагүй их байгаа бололтой. Түлш шатахуун, терминал ашиглалтын зардал, ажилчдын цалин хөлс гээд төлөгдөөгүй өрүүдийг богино хугацаанд төлж нэгэнт ачилт нь эхэлсэн замдаа гарсан ачаануудыг хүлээн авагчид өгөх хүсэлтийг тус компани Солонгос Улсын засгийн газарт тавьсан ч татвар төлөгчидийн мөнгийг дампуурч буй компанийг тэтгэхэд өгөх нь зохисгүй тул санхүүжилт олгогдоогүй хэвээр байна.
- Замд явж буй буюу хүлээлгэнд байгаа онгоцууд дээр 1,000 гаруй ажилчидын нөхцөл байдал хүнд түвшинд байна. Мөн энэхүү компанийн дампуурал нь хамтран бизнес эрхэлдэг байсан хөлөг онгоц засвар, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хуурай газрын авто хүргэлтийн гээд олон компанийг дашраар нь дампууруулж байгаа бөгөөд үүнийг дагасан бүтцийн өөрчлөлтийн улмаас логистикийн салбар дахь 10,000 гаран ажилчид цомхотголд өртөхөөр байна. Дампууралтай холбоотой дээрх үйл явдалуудын нөлөө экспортлогч Азийн улсуудад харьцангуй хүндээр тусч буй хэдий ч аль хэдийн дэлхийн худалдааны холбоо сүлжээнд орсон Монголчууд бидэнд ч муугаар нөлөөлөх нь тодорхой болоод байна.
Одоогоор барьцаанд буй болон терминалуудад хүлээж авахгүй онгоцуудад ачигдсан Монголд ирэх ёстой болон Монголоос гарсан хэр хэмжээний ачаа буй талаар нэгдсэн мэдээлэл байхгүй байгаа хэдий ч манайх шиг жижиг зах зээлтэй улсын аж ахуй нэгж, ард иргэдийн хувьд 1 чингэлэг байсан ч асар их алдагдал дагуулах нь эргэлзээгүй байна. Тээвэр зуучийн болон логистикийн компаниуд энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас саатаж байгаа үйлчлүүлэгчидийнхээ ачааг барьцаалагдсан усан онгоцнуудаас суллаж авах талаар зохих газруудад хүсэлт тавин хөөцөлдөж буй хэдий ч үр дүн гарахгүй, тодорхой хариу мэдээлэл, мэдэгдэл ирэхгүй байна. Манай компанийн зуучлалаар явж байсан ачаануудаас цөөн тооны чингэлэг мөн тус компанийн онгоцонд ачигдсан байгаа бөгөөд бид харилцагч та бүхэнд чингэлэг болон хөдөлгөөний талаар мэдэгдэл ирэх бүрийд мэдээлэх болно. Аль аль талынхаа эрх мэдлийн нөлөө хүрэхгүй энэ мэт гэнэтийн давагдашгүй хүчин зүйл дээр харилцан хүлээцтэй, хүндэтгэлтэй байж цаашидын бизнесэээ хамтран хөгжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Эх сурвалж:
Xeneta: Shippers ‘reeling’ from effects of Hanjin bankruptcy, 2016/9/19
Hanjin bankruptcy likely to impact Valley businesses, 2016/9/12
Hanjin bankruptcy: S Korea throws lifeline to shipping firm, 2016/9/6