Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Б. Баярцэнгэл: Ажилдаа дуртай санаа нийлсэн сайхан баг хамт олноороо би үргэлж бахархдаг
2016.03.31, пүрэв     5525

Монголын эдийн засгийн ачааг үүрч яваа хувийн хэвшлийн ихэнх бизнесменүүд ганзгын наймаанаас гараагаа эхэлж байсан тухай хуучилдаг бол өнөө үед өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжлээрээ бизнесийг удирддаг шинэ залуу гүйцэтгэх захирлуудын төлөөлөл олон болсоны нэг нь улс хоорондын тээвэр зуучлалын зах зээлд тэргүүлэх байрыг эзэлдэг Ландбридж ХХК-ын гүйцэтгэх захирал Баярбатын Баярцэнгэл. Тэрээр МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, СЭЗДС-ийг бизнес удирдлагын магистрийн зэрэгтэй төгссөн.

Сүүлийн үед бидний хамгийн их ярьж маргалддаг сэдэв тээвэр болсон, тэр дундаа тээврийн логистик гэж бидний сайн мэдэхгүй зүйлийг хэрхэн шийдэх талаар хүн болгон ярьдаг болжээ. Тээвэр гэхээр бидний сэтгэлд УБТЗ, МИАТ санаанд орж нэг л бүдүүн хадуун эрчүүдийн хийдэг ажил мэт бодогддог. Та яагаад энэ ажилд татагдах болов?

- Ландбридж ХХК-ийг байгуулагдах үед би банкны системд ажиллаж байлаа. Надад ажлын санал тавихад нь би ямар ажил болохыг нь сайн ойлгоогүй ч хэсэг хугацаанд хийж үзээд ажиллах ажиллахгүйгээ шийднэ гэсэн. Тээвэр зуучлал гэхээр бас л бусдын адилаар бодит тээвэрээр төсөөлдөг байлаа. Манай компани байгуулагдаад удаагүй байсан ч үүсгэн байгуулагч нар нь ажлын их туршлагатай, ажлаа яаж хийх талаар дэргэдээ байгаа хүмүүст хүртэл хүчтэй нөлөөлөхөөр тийм их итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан. Хийж байгаа ажлын хувьд үнэхээр таалагдсан, би тээвэр логистикийн ажилд шууд дурласан. Бидэнд бүхий л төрлийн бизнесийн салбарын хүмүүс бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмж, ёстой л нөгөө “ногоон хурганы арьс нохойн битүү туурай”-аас бусдыг дэлхийн өнцөг булан бүрээс тээвэрлүүлэхээр ханддаг. Тэр бүхнийг хурдан хугацаанд, бага зардалаар аюулгүй тээвэрлэх ажиллагааг зохицуулна гэдэг чинь яг л банк ухдаг кинонд А, Б төлөвлөгөө гээд гардаг шиг тал бүрээс нь харж тохиромжтой тээврийн хэрэгсэл, замнал, орон орны хил гааль эрх бүхий байгуулагуудын шаардлага, ачаа барааны онцлогт тохирсон хувилбаруудыг гаргадаг. Хүнээс юмыг олон талаас нь харах, хурдан сэтгэх, хариуцлагтай нягт нямбай байх гээд төрөл бүрийн чадвар шаардах яггүй л ажил. Мэдээж ачаа барааны энэ их урсгалд асар их мөнгө байдаг болохоор арга ч үгүй биз. Бидний хийдэг ажилд олон сайхан зүйл байдгын нэг нь хийж бүтээж байгаа олон хүний ажлыг дэмжиж, өсөж хөгжиж байгаа бизнесийн салбар бүрийг үйл ажиллагааг боломжтой болгон нөхцөлдүүлж байдаг. Идэж ууж, өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлийн маань үнийн 28% -ийг нь тээвэр логистиктой холбоотой зардал эзэлдэг. Ингэхээр тээвэр логистикийн жижиг ч гэсэн ямар нэг үр ашигтай шийдэл нь бидний амьдарлын өртөгт шууд нөлөөлж байдаг. Тэгээд өөрийгөө бүх хүний амьдралд нэмэр болж чадах их буянтай ажил хийж байна гээд бодохоор сайхан байгаа биз дээ. Дэлхийн бүх улс орны тээврийн байгууллагуудтай хамтран ажилладаг болохоор хамгийн нөхөрсөг салбар ч гэж нэрлэдэг. Дэлхий даяар найз нартай, хаана ч очсон инээгээд угтана.



Тээвэр логистикийн зардалыг бууруулах боломжууд бий юу? Бүх юмны үнээс ядаж 5% буувал мэдээж асар их хэмнэлт гарах байх.

- Хөгжингүй орнуудад энэ нь 7% орчим байдаг л даа. Тэгэхээр тийм түвшинд хүртэл хөгжүүлэх их орон зай байна гэсэн үг. Мэдээж дэд бүтэц, хууль эрх зүйн орчин, эдийн засгийн салбаруудын хөгжил, зах зээлийн худалдан авах чадвар гээд олон нөлөөлөх хүчин зүйлс байгаа. Гэхдээ бид хүн бүр, байгууллага болгон өөрсдөөс шалтгаалах зүйлээ сайтар ашиглаж чадвал одоогийн нөхцөлд ч гэсэн энэ зардалыг ихээхэн бууруулж болохоор санагддаг. Тээвэр логистикийн салбарын бусдадаа үзүүлэх нөлөө ямар чухал болохыг бүгд ойлгоцгоож, энэ салбарт үйл ажиллагаа явуулахыг сайтар дэмжвэл арга туршлага хуримтлагдан боловсронгуй болж, шинэ санал санаачлага, бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хөгжинө. Салбар маань томынхоо хэрээр хоорондоо уялдаа холбоотой маш олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг багтааж байдаг. Тэр болгоныг бие даан хөгжүүлэх шаардлагатай. Хийх ажил ч их, шавхагдашгүй боломжоор дүүрэн.

Гэхдээ манай улс далайд гарцгүй алслагдмал байрлал, зах зээлийн хэмжээ бага гэх аливаа нэг төрлийн бизнесийн цар хүрээг өргөсгөх боломж хязгаарлагдмал учираас илүү төрөлжсөн байх шаардлагатай гэж ярилцдаг. Хөрш орнуудын тээврийн бодлогоос ихээхэн хамааралтай бишүү? Жишээ нь хөрш төмөр замууд байна.

- Сул талаа давуу тал болгож харах нь чухал гэдэг шүү дээ. Өмнө талд маань 1,4 тэрбум хүнтэй, хойд талд маань 150 сая хүнтэй дэлхийн хоёр том эдийн засаг байна. Энэ улсуудын хооронд хийгдэх худалдаа арилжаа 100 тэрбум ам доллар дөхлөө. Цаашилбал Европын улсууд зөвхөн БНХАУ-тай л гэхэд 400 орчим тэрбум ам долларын худалдаа хийж байна. Хямд өртөгтэй далайн тээврээр ихэнх ачааг тээвэрлэдэг ч гэсэн БНХАУ-ын өмнөд эрэг хавийн нутгуудад хэт төвлөрөл бий болсоноос зам харилцаа, ажиллах хүч, эрчим хүч зэргийн ачаалал ихэсч нутгийн гүнд ачаа тээврийн логистик төвүүдийг түлхүү хөгжүүлэх хандлага ажилагдаж байна. Нутгийн гүнээс далайн тээврийн боомтоор дамжуулан Европын боомт хүргэн хэрэглэгчийн агуулах хүртэл тээвэрлэх дотоод зардалууд аль аль талдаа үнэтэй тусдагаас хуурай замаар шууд хүргэх эрэлт хэрэгцээ их нэмэгдэж байгаа. Энэ бүс нутагт төмөр замын тээврийг эрчимтэй хөгжүүлж байна. БНХАУ бүс нутгийн хөгжил харилцан уялдаатай байх хэрэгтэй гэж үзэн “Нэг бүс, нэг зам” төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Манай улс чинь 2 том улсын, тэр ч байтугай 2 их тивийг холбож байгаа гүүр юм шүү дээ. Казакстан улс 27 сая тонн транзит ачаа БНХАУ болон Европын хооронд тээвэрлэж байхад бид 2 сая тонн транзит ачаа л тээвэрлэж байна. Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал сайнгүй байгаа хэдий ч үүнийг би түр зуурын бэрхшээл гэж ойлгож байгаа. Бидэнд байгаа асар их байгалийн баялгыг боловсруулж, бүтээгдэхүүн болгож хэрэглэж л таарна. Тэдгээрийг тээвэрлэх шаардлага зайлшгүй гарна. Тээвэр логистикийн салбар өөрөө дотроо маш их төрөлжилтэй. Үндсэн тээвэрүүд болох агаар, далай, төмөр зам болон авто тээврээс гадна гаалийн зуучлал, агуулах түгээлт гэх мэт нэмэлт олон үйлчилгээ байдаг. Тээврийн төрөл зүйл дотроо ч хүнд болон овортой ачааны, аюултай ачааны, түргэн муудах болон үнэтэй ачааны гэх мэт ачааны шинж чанараар эсвэл тээврийн төрлөөр, замналаар дагнан хөгжүүлдэг. Одоогоор тэдгээрийн аль нэг төрлийг дагнан хөгжүүлсэн байгууллага хараахан байхгүй л байна.

Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд олон байдагуу? Ландбридж компанийн хувьд аль тээврийг түлхүү хийдэг вэ?

- Зам тээврийн яаманд бүртгэлтэй 300 гаран компаниуд байдаг. Зохион байгуулсан ачааны тоо, санал болгож байгаа бүтээгдэхүүний нэр төрлөөр өөр өөр ч бүгд төстэй. Харьцангүй төгс өрсөлдөөнтэй зах зээл л дээ. Нэг талаар үйлчлүүлэгчидэд санал болгох үнийн түвшинг байж болох хамгийн бага түвшинд хүргэх сайн талтай ч зохицуулалтгүй эмх замбараагүй өрсөлдөөн нь маргаашийн ашиг тусыг авчрах томоохон өөрчлөлт шинэчлэлт хийх, чадавхи суух боломжийг тухайн салбарт олгодогггүй юм шиг санагддаг. Манай компанийн хувьд тээвэр логистикийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг “нэг цонх”-ноос авах боломжийг үйлчлүүлэгчидэд олгохыг зорьдог. Мэдээж ачааны дийлэнх хувь төмөр замаар учираас зохион байгуулсан импортын чингэлгийн тоогоор салбартаа тэргүүлдэг. Агаарын ачаагаар эхний 3 өрсөлдөгчийн нэгд орно. Түүвэр ачааг автотээврээр сардаа хамгийн олон нь буюу сард 3 удаа тогтмол хуваарьтай Европоос Монголруу зохион байгуулж байгаа. Гаалийн зуучлалын үйлчилгээ маань ч гэсэн чамгүй амжилттай байгаа. Эдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүд хоорондоо харилцан уяалдаа холбоотой байдаг болохоор зэрэг хөгжүүлж олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний сагстай болох боломжийг олгодог. Жишээ нь гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг тээвэр зохион байгуулалтын явцад ачаа ачигдах цэгээс бүрдүүлснээр ачаа олголтын хугацааг богиносгож чаддаг. Ачаа хурдан олгогдвол чингэлэг түрээсийн зардал багасна гэх мэт. Үйлчлүүлэгчийн ачаа яаралтай бол агаараар, хямд үнэтэй гэвэл төмөр замаар, агаараас хямд үнээр хурдан хүргэх шаардлагатай бол авто тээврээр гэх мэт сонголтуудыг нэг дор бий болгох гэж хичээдэг. Бусад оронд ингэж л нийлүүлэлтийн гинжин хэлхээний үр ашгийг нэмэгдүүлж байдаг. Сүүлийн үед эдийн засгийн байдал сайнгүй, санхүүгийн ашиг орлого бага байгаа ч бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж өртөгийг бууруулснаар өмнөх жилүүдийн зохион байгуулсан ачааны хэмжээгээ барьж чадсан. Зах зээл гэдэг үргэлж хэлбэлзэж байдаг жамтай болохоор энэ үед мэдлэг туршлага, арга технилогио сайжруулахыг илүү ашиг орлого гэж үзэж байна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Биднийг илүү их зүйл хүлээж байгаа гэдэгт итгэж өөдрөг байдагдаа.

Энэ олон төрлийн тэгээд бас их өргөн цар хүрээтэй ажлуудыг амжуулахад амаргүй байдаг биз?

- Мэдээж энэ бүхэн ганц миний ажил биш, ажилдаа дуртай санаа нийлсэн сайхан баг хамт олноороо би үргэлж бахархдаг. Бид 100 орчим ажилтан албан хаагчидтай. Тээвэр зохион байгуулах үйл ажиллагааг дамжлагын системээр гүйцэтгэдэг, алба хэлтэсүүд маань харилцан хамаарал бүхий матриц бүтэцтэй. Бүх хүний хөдөлмөр оролцоо эн тэнцүү чухал гэдгийг бүгд ойлгодог. Орчин үед хамтын оролцоогоор баялаг бүтээж шударга хуваарилах нийгмийн чиг баримжаатай бизнес хийх хандлагыг хүмүүс их сайн ойлгодог болсон. Байгууллага гэдэг бол бидний хамтын зорилгодоо хүрэх зохион байгуулалт болохоос тэнд хэн нэгэн давуу эрхтэн байхгүй. Энэ маягаар бизнесийн орчинд зохицуулалттай ардчилсан тогтолцоо илүү хөгжиж байгаа юм боловуу гэж боддог. Амьдарч байгаа цаг үеийнхээ шаардлагаар мэдээллийн технилогийг сайтар ашиглах нь хөдөлмөрийн бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлж үр ашигггүй зардалыг багасгаж байна. Компани үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн тээвэр удирдлагын програмыг бие даан хөгжүүлж цаасан бүртгэлийг 80%, мэдээлэл дамжуулах ашиглах хурдыг 90%, үйлчлүүлэгчидэд мэдээлэл дамжуулах хурдыг 60% бууруулснаар бүтээмжийг 50% орчим нэмэгдүүлсэн гэж үздэг. Байгууллагыг удирдаж байгаа хүний хувьд ажлаа мэддэг, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, чадвартай хүмүүсийг бий болгохыг гол зорилгоо гэж боддог. Ийм хүмүүс манай салбарын, цаашлаад улс орны маань хувь заяаг авч явна. Тээвэр логистикийн бизнес хөрөнгөнд суурилдаггүй хүнээс их хамааралтай салбар. Зөв хүмүүстэй зөв бизнест боломжгүй зүйл гэж байхгүй гэж боддог доо. Манай компани байгуулагдаад удаагүй ч эмнэлгийн тоног төхөөрөмжид ашиглах цөмийн үүсгүүрийг захиалгат нислэгээр тээвэрлэх, БНХАУ-ын Ляньюнганг боомтоор Монголруу анх удаа ачааг дамжуулах зэрэг уламжлалт бус арга замуудыг ашиглаж, гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, тээвэр зуучлалын байгууллагын хариуцлагын даатгалыг нэвтрүүлэх зэрэг олон шинэлэг зүйлийг хийсэн. Тээвэр логистикийн ажил мэргэжил үндсэн тээвэрлэлтэд биш нэг болон түүнээс олон төрлийн тээврийн хэрэгсэл, замнал болон ачаа илгээх, хүлээн авахтай холбоотой бичиг баримт, эрх бүхий байгууллагуудын зохицуулалт, ачаа боловсруулах арга техникүүдийг ачааны шилжилт хөдөлгөөн бүрт хэрхэн тохиромжтой хэлбэрээр хооронд нь уялдуулан зохион байгуулж оновчтой шийдэл гаргахад ашиглагддаг. Боломжгүй мэт зүйлийг боломжтой, бүр амархан болгож шийдэх шиг сайхан мэдрэмж байдаггүй.

Манай уншигчдад тэр бүр нээлттэй байдаггүй тээвэр логистикийн салбарын мэдээлэл өгсөн танд баярлалаа. Мөн танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Б. Тэргэл




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн