Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Гашуунсухайтын боомтын шинэ гарцуудыг маргаашнаас ашиглана
2017.08.01, мягмар     2362

БНХАУ руу нүүрс тээвэрлэн гаргадаг Гашуунсухайтын авто замын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй байгаагийн улмаас 100 гаруй км урт цуваа үүссэн хэмээн нийгмийн сүлжээнд бичих болов. "Гашуунсухайтын хилийн боомтоор сүүлийн долоо хоногт нүүрс тээврийн татан авалт маш муу байгаа" гэдгийг "Гашуунсухайт авто зам" ХХК-ийнхан фэйсбүүк хуудсандаа ч тэмдэглэсэн байна.

Манай жолооч нар эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхийг завддагаас тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалгалтаа чангатгасан. Үүнээс нь улбаалаад бусад жолооч нар хохирч буй гэж шалтгааныг нь тайлбарлажээ. Өмнөговь аймаг дахь цагдаагийн эх сурвалжаас тодоруулахад "100 гаруй км урт цуваа хүлээгдэж байгаа нь үнэн. Хил хаасан явдал байхгүй. Хятадууд хяналт шалгалтаа чангатгасан талаар бид сайн мэдэхгүй. Хуваарийн дагуу л ажиллаж байгаа" гэсэн юм.

ХХЕГ-н Хилийн хэлтэсийнхэн "Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Гашуунсухайтын боомт хуваарийн дагуу ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нэг л гарцаар нүүрс тэвэрлэсэн автомашинуудыг нэвтрүүлж буй. Нөгөөдрөөс ( наймдугаар сарын 2-ны лхагва гариг) шинээр байгуулсан 12 гарцыг нээж ашиглалтанд оруулах юм. Ингэснээр урт үргэлжилсэн цуваа багасна гэж тооцоолж байна. Хориглосон, хязгаарласан эд зүйл хууль бусаар нэвтрүүлэх асуудлын тухайд Хилийн шалган нэвтрүүлэх алба хууль журмынхаа дагуу хяналт шалгалтаа хийж байгаа" гэлээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин, 2017/8/1-ны дугаар




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн