Facebook    /    Twitter    /    LinkedIN    /    EN
Нийгмийн хариуцлага: Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд зорулсан тоглоом хандивлах аянд нэгдлээ
2016.11.07, даваа     2489

Зөвхөн өөрийн хувиа борлуулж, довоо шарлуулдаг үе нэгэнт өнгөрч нийгмийн ухамсарт давхаргынхан ядруу, дорой, зовлон бэрхшээлтэй амьдарч буй нэгэндээ туслан дэмжиж, асран халамжлаж, дэмнэн хамтдаа сайн сайхан амьдрах байдал дэлхийн олон улсын иргэдийн дунд түгэн дэлгэрээд байна. Манай улсад ч залуу үеийнхэнээс маань өөрийн амьдралыг бусдын сайн сайхны төлөө зориулж, тэдний асуудлыг өөрийн мэт үзэн, түүнийг шийдвэрлэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж буй залуус цөөнгүй болж буйд баяртай байна. Тэдгээр сайн үйлст залуусын нэг бол Чадраабалын Ганжавхлан гэдгийг бид мэднэ. Түүний үүсгэн байгуулсан, Лантуун дохио ТББ нь санаа нэгд залуусыг нэгтгэж чадсан ба эх орноо илүү хүнлэг, энэрэнгүй болгох олон олон буянтай сайхан төслүүдийг санаачлан гүйцэтгэж буйг бид харж байна.

Манай хамт олноос ч цөөнгүй хүмүүс нийгмийн тусын төлөөх арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцдог бөгөөд энэ удаа компаниараа “Хөөрхөн зүрх сан, Лантуун дохио ТББ-тай хамтран зохион байгуулж буй эх нялхсын хагалгааны өмнөх өрөөнд хүүхдийн тоглоом цуглуулан өгч хагалгаанд орж байгаа хүүхдийн өвчин зовлонгоос хуваалцах аз жаргал, баяр баясгалан бэлэглэх” аянд нэгдлээ. “Эх нялхасын эмнэлэг нь Монгол улсын хэмжээнд бүх аймаг, дүүргийн хүүхдүүдийг хүлээн авдаг бөгөөд хүнд хагалгааны тасгаар маш олон хүүхэд эмчлүүлдэг юм байна. Хүүхдүүд хагалгаанд орохынхоо өмнө нэг толоомтой найзлаад эмнэлгээс гарахдаа аваад гардаг учир байнгын тоглоом хэрэгтэй байдаг” гэсэн тул та бүхэн ч хүүхдүүдийнхээ хэрэглэдэггүй ч хаяж чаддаггүй тоглоомууд, уншиж дууссан номуудыг тус байгууллагад хүргэн өгч олон бяцхан үрсэд буян үйлдэх боломжтой юм байна шүү.

Танаас тийм ч их хүч хөдөлмөр зарцуулахгүй ч өвчиндөө шаналан буй бяцхан үрсэд түр ч гэсэн сатааран өвчнөө мартах боломжийг таны өгсөн тоглоомууд бий болгох тул их бага гэлтгүй хавь ойроосоо цуглуулаад аваачиж өгөөрэй гэж бидний зүгээс уриалж байна.

Улсын маань ирээдүй болсон бяцхан жаалууд  бүгд л миний, чиний ялгаагүй аз жаргалтай байж, илүү өнгөлөг, ухаалаг, хүнлэг маргаашийг бүтээх биз ээ. Хүүхдүүдтэйгээ хамт өвчиндөө шаналж буй үрсэд зориулан тоглоомоо ялган өгөх тэр мөчид та хүүхэддээ зөв үлгэр дуурайл болж, бяцхан зүрхнүүдэд бахархал төрүүлж буй гэдэгтээ итгэлтэй байж болно.

Лантуун дохио ТББ-н фэйсбүүк хуудас руу энд дарж холбогдоно уу.

Ландбридж ХХК хамт олноос




Бидэнтэй нэгдээрэй
Шинээр нэмэгдсэн